Танин мэдэхүй

Тав дахь улирал буюу Даогийн мэргэн сургаал

Дорны их эрдэмтэн мэргэд эрт дээр үеэс хүн эрүүл байж аз жаргалтай амьдрахын тулд Байгаль эхийн амьдралын хэмнэлийг дагаж мөрдөх хэрэгтэй гэж үзсээр ирсэн. Амьдрал гэдэг өглөө нь өдрөөр, өдөр нь орой, орой нь шөнөөр, хавар нь зунаар гэх мэтчилэн хоорондоо гинжин холбоотой эцэс төгсгөлгүй өөрчлөлт. Хавар болохоор өвлийн зузаан хувцсаа шүүгээндээ хийж, харин зун нь хөнгөн нимгэн хувцаслах хэрэгтэй гэдгийг хэнд ч сануулах хэрэггүй байдаг. Энэ бүгдийг бид хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэддэг. Гэтэл улирал өөрчлөгдөн солигдох тухай бүр амьдралын хэв маяг болон бидний хооллолт ч өөрчлөгдөх ёстой гэдгийг тэр бүр бүгд мэддэггүй нь харамсалтай.
“Дао”-гийн мэргэн сүргаал. Хөдөөгийн малчид байгалийн хэмнэл, амьдралын хэв маягтай харилцан хамааралтай гэдгийг сайн мэддэг болохоороо зуны улирлыг бүтэн жилээ даах тарга тэвээр авах ёстой үе гэдэг. Харин хотынхон байгалтайгаа харилцан шүтэлцэж амьдрахын тулд ухамсартайгаа зориуд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Бидний ихэнх нь бүтэн жилийн турш өглөө нь шарсан өндөг, хачиртай талхтай идэж, кофе уугаад л ажил руугаа яардаг. Өдөр нь ажлынхаа өрөөнд нуруугаа хөштөл компьютерийн ард сууж, харин орой нь пиво, эсвэл томоос том аягатай цай хийж аваад телевизорын өмнө суучихдаг. Унтаж чадахгүй шөнийн талыг орондоо хөрвөөж өнгөрөөнө. Дараа нь юунаас болж, яагаад ингэтлээ их ядраад байна хэмээн гайхацгаан амралтын өдрүүдийг бүтэн долоо хоногоо нөхөж унтах гэж оролдоцгооно. Тэгвэл та бүхнийг “Хүн ба Байгалийн тухай“ эртний Хятадаас уламжлагдаж ирсэн сургаалийг ашиглахыг зөвлөж байна. Орчин үеийн соёл иргэншилтэй хүмүүст илүү ойлгомжтой байхаар шинжлэх ухаанчаар сайтар боловсруулсан “Дао”-ний сургаалиас танилцуулья.
Хүрээлэн буй орчин, Байгаль дэлхий, өөрийгөө энэ бүгдийн хаана нь яваагаа мэдэхийн тулд эрт дээр цагаас олон зуун мянган жилийн турш энэхүү сургаалийг баримтлагчид байгалийн үзэгдэл юмсыг ажиглаж судлан их ажил хэрэгчээр хандаж иржээ. Энэ хорвоо дээр бүх юмс мөнх биш, бүгд өөр өөрийн байх ёстой газартаа ирдэг гэдгийг гүнээ ухамсарлаж мэддэг байжээ. Хорвоо ертөнц бүхэлдээ гэрэлтэй харанхуй, халуун хүйтэн гэх мэтчилэн бие биегүйгээрээ оршин тогтнож чадахгүй харилцан эсрэг тэсрэг үзэгдлүүдээс тогтдог. Юмс үзэгдэл бүр төрөлт, өсөлт, боловсорч гүйцэх, өтлөх муудах, үхэл төгсгөл гэсэн өөрчлөлтийн тодорхой шатуудыг дамждаг. Энэ үзэгдэл юмсын бодит явцыг тэд “Дао” буюу “зам” гэж нэрлэдэг. “Дао” гэдэг нь эрдэм ухааны цогц эмхэтгэл, эмчилж анагаах арга барил, амьдралын үндсэн хуулиудыг танин мэдэх боломж юм. Даогийн гүн ухааны үзэж байгаагаар байгаль дэлхий дэс дараалалтай өөрчлөлтөн дээр оршин тогтдог.

Жишээ нь: төрж, үүсэж бий болохыг – хавар, өглөөгөөр, өсөж хөгжихийг – зун, үд дундаар, уналт, өтлөлт хуучирч муудахыг – намар, орой үдшээр, түр зогсолт ба амар тайвныг өвөл, шөнөөр төлөөлүүлдэг. Хамгийн сонирхолтой нь эдгээр өөрчлөгдөн солигдох нөхцөл байдал дөрөв биш тав бөгөөд тус бүрд нь бэлэг тэмдэг байгаа юм. Үүнд: Мод нь төрж, өсөхийн, Гал нь дээд зэргээр амьдралд идэвхтэй байхын, Газар нь хорвоо дэлхийн хоорондоо холбоотой өөрчлөгдөх төвийн, Төмөр – унтарч бөхөхийн, Ус – идэвх муутай байдлын бэлэг тэмдэг болно. Даоны сургаалийг баримтлагчид дээр дурдсан мод, гал, газар, төмөр, ус гэсэн бэлэг тэмдэгүүдэд физикийн бодит бие гэж биш, харин хүнд нөлөөлж чадах онцгой чухал шинж чанар, хүч, арга гэсэн утгаар ханддаг. Модыг шатааснаар бид галыг хөгжөөж өгдөг. Гал газар дэлхийг бий болгодог. Газар дэлхий төмөрийг, төмөр усыг, ус модыг ургуулж цэцэглүүлдэг. Энэ бол эерэгээр нөлөөлж буй байдал. Гэтэл эдгээр нь өөр хоорондоо дайсагнан дайтах ч тохиолдол байдаг. Ус галыг унтрааж, гал төмөрийг хайлуулж, төмөр модыг огтолж, мод үндсээрээ газарт улам гүн ургаж газрыг сүйдэлж, харин газар усыг бохирдуулдаг нь сөрөг муугаар нөлөөлж, бие биенээ үгүйсгэн дайтаж байгаагийн жишээ юм. Эдгээр анхдагч бие бүр бусадтайгаа идэвхтэй болон идэвхгүй байдлаар холбоотой учир нэг нь нөгөөгийнхөө зайлшгүй хамааралд оршдог.

Орчин үеийн шинжлэх ухааны байр суурьнаас авч үзвэл эдгээр таван анхдагч биесүүдийн харилцан холбоотой бөгөөд хамааралтай байдал нь жин болоод дулаан хадгалалтын хуультай их дөхөж очиж байгаа юм. Юу ч хаанаас ч юм үүсдэггүй бөгөөд аливаа нэг бие нөгөөгөө бүрэн үгүй хийж болдоггүй гэж тухайн хуулийн утгыг товчхон тайлбарлаж болох юм. Энэ хуулийг амьдралд хэрхэн ашиглаж болох вэ? Эртний энэ мэдлэг ухаан өнөөгийн бодит амьдралд бидэнд тустай байж чадах уу?

Юуны өмнө бид дөрөв биш харин таван улиралтай гэдгээс яриагаа хэлэх нь зүйтэй байх. Итгэхгүй байвал дараах асуултад хариулах гэж оролдоорой. Хавар хэдэн сар үргэлжилдэг вэ? Гурав, дөрөвдүгээр сар. Таван сард бол зун бүр эхэлчихсэн байдаг. Харин намар наймдугаар сараас эхлээд 8, 9, 10, 11 гээд бүхэл бүтэн дөрвөн сар үргэлжилдэг. Яагаад гэж асуумаар байна уу? Аагим халуун Африкт гэхэд өвөл гэж улирал байдаггүй. Мөн хойд туйлын зуны улирал нь ердөө хоёр долоо хоног л үргэлжилдэг. Харин бид бол байгаль цаг уурын хувьд намрын улирал дөрвөн сар үргэлжилдэг бүс нутагт амьдарч байна. Намрын эхэн сар бол 8, 9 сар. Намрын сүүл сар нь 10, 11. Намрын сүүл сарыг өвчин эмгэг, хүч тэнхээгээ барагдуулсан сөрөг муу байдал болгон хувиргахгүйн тулд намрын эхэн саруудыг хэрхэн яаж өнгөрүүлэх ёстой вэ? Чухам яг энэ үед хүний бие бялдар, эрүүл мэнд урт удаан, хүйтэн өвөлд бэлтгэн өөрчлөгдөн хувирч эхэлдэг. Газар дэлхий төмөр билэгдэлд байраа тавьж өгөн элбэг дэлгэр, тэнцвэртэй, тогтвортой байдал эрчим хүчний хэмнэлт зэрэг тэс өөр нөхцөл байдлаар солигдоно. Нарны элч дулаан, амин дэмээр дүүрэн бие махбодь нарны гэрэл гэгээгээр дутсан хүйтэн өвөлд бэлтгэж эхэлнэ. Хамгийн гол нь энэ цаг үед зун олж авсан, хамаг эрч хүч энергээ алдахгүй байх нь чухал. Иймд биеэ чийрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай, тохиромжтой үе. Чийрэгжүүлэлтийн ачаар хүний бие махбодь улам чангарч, эрүүл мэнд бэхжиж ирнэ. Хүн бие махбодио чийрэгжүүлснээр өөрийгөө өвчнөөс хамгаалж байгаа юм.
Хүний хөлийн уланд бүх бие, дотор эрхтнүүд, тэр дунд амьсгалын замын эрхтэнүүдтэй холбоотой биологийн идэвхтэй цэгүүд байрласан байдаг. Иймд хүний хөл өчүүхэн төдийд даарч хөрөхийг андахгүйгээр ханиад томуу, элдэв үрэвсэл үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлж хөлөө чийрэгжүүлж, хөлийн уланд байрлах мэдрэлийн цэгүүдийг хэт мэдрэмтгий байдлыг нь өөрчлөн дасгах хэрэгтэй. Үүний тулд хөл нүцгэн явахаас эхлэх шаардлагатай. Их амархан ханиад хүрч хоолой өвддөг хүмүүс өглөө оройдоо гэртээ 15-20 минут хөл нүцгэн өрөөнүүдээрээ холхих маягаар чийрэгжүүлэлтээ эхэлнэ.

Мөн халуун хүйтэн ээлжилсэн усаар ч чийрэгжүүлж болох юм. Үүний тулд нэгэнд нь халуун, нөгөөд нь хүйтэн ус хийсэн хоёр түмпэн зэрэгцүүлж тавиад эхлээд халуун усанд хөлөө дүрж халууныг нь тэвчиж, 5 минут орчим болоод, дараа нь хүйтэн устай түмпэнд хөлөө дүрж, ердөө 3-5 секунд л байлгахад хангалттай. Хөлөө дааруулахгүйгээр, ердөө л халуун хүйтэн хоёрын эрс тэс ялгааг мэдрэх нь хангалттай байх болно. Энэ дарааллаар тухайн чийрэгжүүлэх дасгалыг 3 удаа хийгээд хүйтэн усаар дуусгах хэрэгтэй. Дараа нь хөлөө хуурай болтол нь сайтар арчиж дулаахан ноосон оймс өмсөх ёстой. Мөн намрын улиралд эрүүл мэндэд хамгийн ашигтайд тооцогддог зэс болоод мөнгөн гоёл зүүлтийг аль болох их хэрэглэхийг сануулж байна. Олон ч эмч, эрдэмтэн мэргэд зэс бугуйвчны ид шидийн тухай өгүүлсээр байдаг нь оргүй зүйл биш. Яг энэ үед зэс бугуйвчаа сайн зүүх хэрэгтэй. Хэрвээ бугуйвч зүүсэн хэсэгт арьс тань ногоон оромтой болсон бол энэ нь эрүүл мэндийн хувьд ямар нэг таагүй учир шалтгаан байгаагийн шинж.

Энэ хувиралт гарахгүй болтол зэс бугуйвчаа гараасаа салгаж ер болохгүй. Харин мөнгөн бөгжийг заавал ч үгүй гарынхаа дунд хуруунд зүүхийн учир нь Даоны сургаалийн дагуу төмөр биеийн шинжийг авч буй хэрэг юм. Хоол тэжээлийнхээ хэрэгцээг ч мөн улиралтай холбон хангаж байх ёстой. Гашуун исгэлүүн амт бол төмөр шинжийн илэрхийлэл бөгөөд гашуун амт бүхий хүнсний ногоо, ургамлын үр зэргийг илүү ихээр хэрэглэх хэрэгтэй. Хамгийн аятайхан амттай бөгөөд гайхалтай ач тустай төрөл бүрийн амин дэм, бичил биетнээр баялаг ургамал бол “айва” юм. Мөн Хятад нимбэгийг Даоныг баримтлагчид хамгийн сайн жимс жимсгэнэ гэж үздэг. Учир нь энэ нимбэг нь чихэрлэг, исгэлэн, гашуун, хурц гэх мэтчилэн таван үндсэн амтыг бүгдийг нь цогцоор агуулдаг байна. Хурдан зажилж идэнгээ сайхан амтыг нь амталж, араас нь ногоон цайгаар даруулж уух нь зүйрлэшгүй үнэхээр гайхалтай мэдрэмж юм.