Хятад улсын товч танилцуулга

Хятад (1949 оноос хойших үеийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс) — дорно Азид оршсон бүрэн эрхт улс.
Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3-р том орон бөгөөд зүүн талаараа Номхон далайд тулж бусад талаараа Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афган, Тажик, Хиргис,Хасаг, Монгол Орос, Умар Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн ам хятад үндэстнийг (91.5%) багтаагаад 56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл — хятад. Нийслэл — Бээжин.
Хятадад эртнээс соёл иргэншил тогтсон. Домгийн Шя улсаас хойш НТӨ 221 онд Цинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд манж Чин улсмөхсөнөөр хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засаг авсан бөгөөд иргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм, зах зээлийн баримжаатсоциалист (нийгэм журамт) эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг.
Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан НҮБ-ын суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. ДХБ, АПЕК, ШХАБ, Их хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн.

Хятад улсын төрийн далбааны бэлгэдэл

Хятадын төрийн далбааны улаан өнгө нь комунист намын бэлгэдэл юм. Харин таван таван хошууны дөрвөн жижиг одын тус тус нэг өнцөг нь том одын төвд чиглэж байдаг нь ХКН-ын удирдсан хувьсгалт ард түмний эв санааны нэгдлийн бэлгэдэл юм.

 

Тав дахь улирал буюу Даогийн мэргэн сургаал

Дорны их эрдэмтэн мэргэд эрт дээр үеэс хүн эрүүл байж аз жаргалтай амьдрахын тулд Байгаль эхийн амьдралын хэмнэлийг дагаж мөрдөх хэрэгтэй гэж үзсээр ирсэн. Амьдрал гэдэг өглөө нь өдрөөр, өдөр нь орой, орой нь шөнөөр, хавар нь зунаар гэх мэтчилэн хоорондоо гинжин холбоотой эцэс төгсгөлгүй өөрчлөлт. Хавар болохоор өвлийн зузаан хувцсаа шүүгээндээ хийж, харин зун нь хөнгөн нимгэн хувцаслах хэрэгтэй гэдгийг хэнд ч сануулах хэрэггүй байдаг. Энэ бүгдийг бид хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэддэг. Гэтэл улирал өөрчлөгдөн солигдох тухай бүр амьдралын хэв маяг болон бидний хооллолт ч өөрчлөгдөх ёстой гэдгийг тэр бүр бүгд мэддэггүй нь харамсалтай.
“Дао”-гийн мэргэн сүргаал. Хөдөөгийн малчид байгалийн хэмнэл, амьдралын хэв маягтай харилцан хамааралтай гэдгийг сайн мэддэг болохоороо зуны улирлыг бүтэн жилээ даах тарга тэвээр авах ёстой үе гэдэг. Харин хотынхон байгалтайгаа харилцан шүтэлцэж амьдрахын тулд ухамсартайгаа зориуд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Бидний ихэнх нь бүтэн жилийн турш өглөө нь шарсан өндөг, хачиртай талхтай идэж, кофе уугаад л ажил руугаа яардаг. Өдөр нь ажлынхаа өрөөнд нуруугаа хөштөл компьютерийн ард сууж, харин орой нь пиво, эсвэл томоос том аягатай цай хийж аваад телевизорын өмнө суучихдаг. Унтаж чадахгүй шөнийн талыг орондоо хөрвөөж өнгөрөөнө. Дараа нь юунаас болж, яагаад ингэтлээ их ядраад байна хэмээн гайхацгаан амралтын өдрүүдийг бүтэн долоо хоногоо нөхөж унтах гэж оролдоцгооно. Тэгвэл та бүхнийг “Хүн ба Байгалийн тухай“ эртний Хятадаас уламжлагдаж ирсэн сургаалийг ашиглахыг зөвлөж байна. Орчин үеийн соёл иргэншилтэй хүмүүст илүү ойлгомжтой байхаар шинжлэх ухаанчаар сайтар боловсруулсан “Дао”-ний сургаалиас танилцуулья.
Хүрээлэн буй орчин, Байгаль дэлхий, өөрийгөө энэ бүгдийн хаана нь яваагаа мэдэхийн тулд эрт дээр цагаас олон зуун мянган жилийн турш энэхүү сургаалийг баримтлагчид байгалийн үзэгдэл юмсыг ажиглаж судлан их ажил хэрэгчээр хандаж иржээ. Энэ хорвоо дээр бүх юмс мөнх биш, бүгд өөр өөрийн байх ёстой газартаа ирдэг гэдгийг гүнээ ухамсарлаж мэддэг байжээ. Хорвоо ертөнц бүхэлдээ гэрэлтэй харанхуй, халуун хүйтэн гэх мэтчилэн бие биегүйгээрээ оршин тогтнож чадахгүй харилцан эсрэг тэсрэг үзэгдлүүдээс тогтдог. Юмс үзэгдэл бүр төрөлт, өсөлт, боловсорч гүйцэх, өтлөх муудах, үхэл төгсгөл гэсэн өөрчлөлтийн тодорхой шатуудыг дамждаг. Энэ үзэгдэл юмсын бодит явцыг тэд “Дао” буюу “зам” гэж нэрлэдэг. “Дао” гэдэг нь эрдэм ухааны цогц эмхэтгэл, эмчилж анагаах арга барил, амьдралын үндсэн хуулиудыг танин мэдэх боломж юм. Даогийн гүн ухааны үзэж байгаагаар байгаль дэлхий дэс дараалалтай өөрчлөлтөн дээр оршин тогтдог.

Жишээ нь: төрж, үүсэж бий болохыг – хавар, өглөөгөөр, өсөж хөгжихийг – зун, үд дундаар, уналт, өтлөлт хуучирч муудахыг – намар, орой үдшээр, түр зогсолт ба амар тайвныг өвөл, шөнөөр төлөөлүүлдэг. Хамгийн сонирхолтой нь эдгээр өөрчлөгдөн солигдох нөхцөл байдал дөрөв биш тав бөгөөд тус бүрд нь бэлэг тэмдэг байгаа юм. Үүнд: Мод нь төрж, өсөхийн, Гал нь дээд зэргээр амьдралд идэвхтэй байхын, Газар нь хорвоо дэлхийн хоорондоо холбоотой өөрчлөгдөх төвийн, Төмөр – унтарч бөхөхийн, Ус – идэвх муутай байдлын бэлэг тэмдэг болно. Даоны сургаалийг баримтлагчид дээр дурдсан мод, гал, газар, төмөр, ус гэсэн бэлэг тэмдэгүүдэд физикийн бодит бие гэж биш, харин хүнд нөлөөлж чадах онцгой чухал шинж чанар, хүч, арга гэсэн утгаар ханддаг. Модыг шатааснаар бид галыг хөгжөөж өгдөг. Гал газар дэлхийг бий болгодог. Газар дэлхий төмөрийг, төмөр усыг, ус модыг ургуулж цэцэглүүлдэг. Энэ бол эерэгээр нөлөөлж буй байдал. Гэтэл эдгээр нь өөр хоорондоо дайсагнан дайтах ч тохиолдол байдаг. Ус галыг унтрааж, гал төмөрийг хайлуулж, төмөр модыг огтолж, мод үндсээрээ газарт улам гүн ургаж газрыг сүйдэлж, харин газар усыг бохирдуулдаг нь сөрөг муугаар нөлөөлж, бие биенээ үгүйсгэн дайтаж байгаагийн жишээ юм. Эдгээр анхдагч бие бүр бусадтайгаа идэвхтэй болон идэвхгүй байдлаар холбоотой учир нэг нь нөгөөгийнхөө зайлшгүй хамааралд оршдог.

Орчин үеийн шинжлэх ухааны байр суурьнаас авч үзвэл эдгээр таван анхдагч биесүүдийн харилцан холбоотой бөгөөд хамааралтай байдал нь жин болоод дулаан хадгалалтын хуультай их дөхөж очиж байгаа юм. Юу ч хаанаас ч юм үүсдэггүй бөгөөд аливаа нэг бие нөгөөгөө бүрэн үгүй хийж болдоггүй гэж тухайн хуулийн утгыг товчхон тайлбарлаж болох юм. Энэ хуулийг амьдралд хэрхэн ашиглаж болох вэ? Эртний энэ мэдлэг ухаан өнөөгийн бодит амьдралд бидэнд тустай байж чадах уу?

Юуны өмнө бид дөрөв биш харин таван улиралтай гэдгээс яриагаа хэлэх нь зүйтэй байх. Итгэхгүй байвал дараах асуултад хариулах гэж оролдоорой. Хавар хэдэн сар үргэлжилдэг вэ? Гурав, дөрөвдүгээр сар. Таван сард бол зун бүр эхэлчихсэн байдаг. Харин намар наймдугаар сараас эхлээд 8, 9, 10, 11 гээд бүхэл бүтэн дөрвөн сар үргэлжилдэг. Яагаад гэж асуумаар байна уу? Аагим халуун Африкт гэхэд өвөл гэж улирал байдаггүй. Мөн хойд туйлын зуны улирал нь ердөө хоёр долоо хоног л үргэлжилдэг. Харин бид бол байгаль цаг уурын хувьд намрын улирал дөрвөн сар үргэлжилдэг бүс нутагт амьдарч байна. Намрын эхэн сар бол 8, 9 сар. Намрын сүүл сар нь 10, 11. Намрын сүүл сарыг өвчин эмгэг, хүч тэнхээгээ барагдуулсан сөрөг муу байдал болгон хувиргахгүйн тулд намрын эхэн саруудыг хэрхэн яаж өнгөрүүлэх ёстой вэ? Чухам яг энэ үед хүний бие бялдар, эрүүл мэнд урт удаан, хүйтэн өвөлд бэлтгэн өөрчлөгдөн хувирч эхэлдэг. Газар дэлхий төмөр билэгдэлд байраа тавьж өгөн элбэг дэлгэр, тэнцвэртэй, тогтвортой байдал эрчим хүчний хэмнэлт зэрэг тэс өөр нөхцөл байдлаар солигдоно. Нарны элч дулаан, амин дэмээр дүүрэн бие махбодь нарны гэрэл гэгээгээр дутсан хүйтэн өвөлд бэлтгэж эхэлнэ. Хамгийн гол нь энэ цаг үед зун олж авсан, хамаг эрч хүч энергээ алдахгүй байх нь чухал. Иймд биеэ чийрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай, тохиромжтой үе. Чийрэгжүүлэлтийн ачаар хүний бие махбодь улам чангарч, эрүүл мэнд бэхжиж ирнэ. Хүн бие махбодио чийрэгжүүлснээр өөрийгөө өвчнөөс хамгаалж байгаа юм.
Хүний хөлийн уланд бүх бие, дотор эрхтнүүд, тэр дунд амьсгалын замын эрхтэнүүдтэй холбоотой биологийн идэвхтэй цэгүүд байрласан байдаг. Иймд хүний хөл өчүүхэн төдийд даарч хөрөхийг андахгүйгээр ханиад томуу, элдэв үрэвсэл үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлж хөлөө чийрэгжүүлж, хөлийн уланд байрлах мэдрэлийн цэгүүдийг хэт мэдрэмтгий байдлыг нь өөрчлөн дасгах хэрэгтэй. Үүний тулд хөл нүцгэн явахаас эхлэх шаардлагатай. Их амархан ханиад хүрч хоолой өвддөг хүмүүс өглөө оройдоо гэртээ 15-20 минут хөл нүцгэн өрөөнүүдээрээ холхих маягаар чийрэгжүүлэлтээ эхэлнэ.

Мөн халуун хүйтэн ээлжилсэн усаар ч чийрэгжүүлж болох юм. Үүний тулд нэгэнд нь халуун, нөгөөд нь хүйтэн ус хийсэн хоёр түмпэн зэрэгцүүлж тавиад эхлээд халуун усанд хөлөө дүрж халууныг нь тэвчиж, 5 минут орчим болоод, дараа нь хүйтэн устай түмпэнд хөлөө дүрж, ердөө 3-5 секунд л байлгахад хангалттай. Хөлөө дааруулахгүйгээр, ердөө л халуун хүйтэн хоёрын эрс тэс ялгааг мэдрэх нь хангалттай байх болно. Энэ дарааллаар тухайн чийрэгжүүлэх дасгалыг 3 удаа хийгээд хүйтэн усаар дуусгах хэрэгтэй. Дараа нь хөлөө хуурай болтол нь сайтар арчиж дулаахан ноосон оймс өмсөх ёстой. Мөн намрын улиралд эрүүл мэндэд хамгийн ашигтайд тооцогддог зэс болоод мөнгөн гоёл зүүлтийг аль болох их хэрэглэхийг сануулж байна. Олон ч эмч, эрдэмтэн мэргэд зэс бугуйвчны ид шидийн тухай өгүүлсээр байдаг нь оргүй зүйл биш. Яг энэ үед зэс бугуйвчаа сайн зүүх хэрэгтэй. Хэрвээ бугуйвч зүүсэн хэсэгт арьс тань ногоон оромтой болсон бол энэ нь эрүүл мэндийн хувьд ямар нэг таагүй учир шалтгаан байгаагийн шинж.

Энэ хувиралт гарахгүй болтол зэс бугуйвчаа гараасаа салгаж ер болохгүй. Харин мөнгөн бөгжийг заавал ч үгүй гарынхаа дунд хуруунд зүүхийн учир нь Даоны сургаалийн дагуу төмөр биеийн шинжийг авч буй хэрэг юм. Хоол тэжээлийнхээ хэрэгцээг ч мөн улиралтай холбон хангаж байх ёстой. Гашуун исгэлүүн амт бол төмөр шинжийн илэрхийлэл бөгөөд гашуун амт бүхий хүнсний ногоо, ургамлын үр зэргийг илүү ихээр хэрэглэх хэрэгтэй. Хамгийн аятайхан амттай бөгөөд гайхалтай ач тустай төрөл бүрийн амин дэм, бичил биетнээр баялаг ургамал бол “айва” юм. Мөн Хятад нимбэгийг Даоныг баримтлагчид хамгийн сайн жимс жимсгэнэ гэж үздэг. Учир нь энэ нимбэг нь чихэрлэг, исгэлэн, гашуун, хурц гэх мэтчилэн таван үндсэн амтыг бүгдийг нь цогцоор агуулдаг байна. Хурдан зажилж идэнгээ сайхан амтыг нь амталж, араас нь ногоон цайгаар даруулж уух нь зүйрлэшгүй үнэхээр гайхалтай мэдрэмж юм.

Хятад хэл сурах 36 алтан зөвлөмж

  1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх Монгол хэлээ сайн сурсан байх явдал юм. Учир нь тухайн хэлний хэл зүйн дүрмийг Монгол хэлтэйгээ харьцуулан ойлгоход их хэрэг болдог.
  2. Ханз үсгийг дуудах латин галиг буюу Pin Yin дуудлагыг юуны өмнө сурсан байх хэрэгтэй. Энэ нь Тухайн ханзны дуудлагыг тэмдэглэж авах боломж өгөхөөс гадна компьютер дээр Хятадаар шивж сурахад тань илүү х хэрэг болно.
  3. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ? гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Үүний тулд танд Хятад хэлний ваакуум орчин хамгийн чухал.
  4. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
  5. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болдог.
  6. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
  7. Хятад хэл сурахын тулд бид заавал Хятадаар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Хятадаар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.
  8. Хятад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Хятадаар ярих үедээ авиа зүйн 4 өргөлтийн дуудлага, аялагад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгж чадвал таны яриаг Хятад хүн амархан ойлгоно. 9. Сонсголын дасгалын зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд хийнэ.
  9. Хичээлийн нэг сэдвийг бүрэн ойлгосоны дараа шинэ сэдэв рүү орох хэрэгтэй. Дутуу ойлгосон сэдэв таны амьдралд хэрэг болохгүй.
  10. Хятад хэл сурахын нэг чухал үндэс бол байнга Хятад хүнтэй ярианы дадлага хийх явдал юм.
  11. Өдөрт тутмын ярианд хамгийн өргөн хэрэглэгддэг үгсийг цээжлэхээс эхлэж Хятад хэлийг сурах хэрэгтэй. Жишээ нь. Би, Чи, Та, Тэр, Идэх, уух, сонсох, ярих, сайн, муу гэх мэт
  12. Хатад хэлний өгүүлбэр зүйн бүтцийг сайн мэдсэн хүн Хятадаар хэлэх гэсэн санаагаа амархан ойлгуулж чадна.
  13. Хятад хэл нь Англи Орос хэлийг бодвол хэл зүйн дүрэм багатай байдаг тул ярьж сурахад илүү амархан байдаг.
  14. Аливаа хэлийг орчинд нь ирж сурвал илүү үр дүнтэй байдаг. Учир нь амьдралын орчин таныг хүссэн ч хүсээгүй ч тухайн хэлээр зөв сайн ярьж сургадаг.
  15. Ханз үсэг сурахаас хүмүүс их айдаг. Айх хэрэггүй. Хятад ханзыг амжилттай сурахын тулд хэдхэн тооны түлхүүр ханз мэддэг байхад л болно. Тэдгээр түлхүүр ханзнууд өмнө хойноо, дээр доороо ороод л цээжлэхийн аргагүй олон зурлагтай ханзыг бүтээдэг.
  16. Ханз үсэг гэдэг бол уран зураг мэт өөрийн утгаа дүрсээр илэрхийлсэн байх явдал их байдаг. Жишээ нь:

Тариан талбай – 田 Тариан талбайг дээрээс нь харахад ийм л дөрвөлжин нүднүүд байдаг.

Бараа – 品 Хураагаад тавьсан бараа мэт харагддаг.

Хүн – 人 явж байгаа хүн мэт

Том – 大 Хүн том зүйлийг хэлэхдээ гараа алдалж илэрхийлдэг шүү дээ

Бага – 小 Гараа алдлахгүй бол жижигхэн мэт сэтгэгдэл төрүүлнө.

Сайн – 好 Эмэгтэй хүн + хүүхэд гэсэн хоёр ханз нийлсэн байна. Эх үрс гэсэн энэ ханз сайн гэсэн утга илэрхийлдэг

Уул – 山 Уулыг урьд нь гурван шовгор дүрсээр илэрхийлдэг байжээ. Одоо болохоор доороо холбоотой гурван босоо шугамаар илэрхийлдэг болсон байна.

Дундад Улс – 中国  Дөрвөлжин дүрсний дундуур нэг босоо шугам  татсан нь дундад гэсэн утга илэрхийлдэг байна. Харин улс гэдэг ханз нь Ван ноён гэсэн ханзыг дөрвөлжин хүрээнд      хийсэн нь өөрийн гэсэн хил хязгаартай ноён гэсэн утгаыг өгүүлж байгаа юм. Ноён гэсэн ханзныхаа хажууд нэг бяцхан цэг хатгасан нь тамгатай ноён гэсэн утгыг үзүүлнэ. Тэгэхээр          тамгатай ноён өөрийн гэсэн хил хязгаар бүхий нутагтай болчихвол Улс болдог гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

  1. Хятад хэл дээрхи караоке, кино үзэх нь ханз үсгийг дуудах, нүдлэх хамгийн зугаатай арга болно. Мөн аудио хичээлүүд нэн чухал.
  2. Хятад хүнтэй ярих нь дадлагжихад нөлөө үзүүлнэ. Аливаа хэлээр эмэгтэй хүн илүү цэвэрхэн ярьдгийг анхаар.
  3. Үеэ өнгөрөөсөн хэллэг, үг, өгүүлбэрээс салж орчин үеийн хэллэг бүхий үг, хэллэгийг сонгох хэрэгтэй.
  4. Хятад хэлээр дуу сурах нь Хятадаар олон үг цээжлэх, цэвэр дуудлагатай болох шалгарсан арга юм.
  5. Хамгийн чангаар, тод, хурдан унших зарчмыг мартаж болохгүй.
  6. Тодорхой хэмжээний үгсийн сан, яриа, өгүүлбэрийн бүтэцийг мэддэг болсон хойноо дүрэм үзэх нь танд ашигтай.
  7. Хэл сурч байгаа хүн өдөрт заавал 4-8 цагийг өөртөө зориулах хэрэгтэй. Ингэж зориулж чадсан хүн 1-3 сарын дотор маш их мэдлэг олж авдаг. Харин ажлын хажуугаар сурна гэдэг бол хэл сурах зоригийг тань мохоох болно.
  8. Аливаа зүйлийг асууж лавладаг сурагч бол багшийн болон тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Дуугүй байна гэдэг бол таны муу чанар.
  9. Ямар нэг үг хэллэгийг чанга дуугаар унших нь таны хэллэг зүгшрэх чадварыг хөгжүүлнэ. Цээжин дотроо бүү унш. Энэ бол цаш алдах нэг хэлбэр.
  10. Орчуулга хийх гэдэг хамгийн шинжлэх ухаанч сургалтын арга юм. Энэ нь таны бичгийн чадварыг хөгжүүлэхээс гадна, аливаа үгийг нүдлэх, хэрэглэж сурах боломжыг бүрдүүлдэг.
  11. Хэлц үгийг эзэмшсэн хүн Хятад хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц үг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй. Хятадууд маш их хэлц үг хэрэглэдэг. Энэ нь их том санааг товчхон цөөхөн үгээр илэрхийлэх чухал арга юм.
  12. Хятад хүн товчхон ярихыг их эрхэмлэдэг. Жишээ нь: “Баруун Сөнөд хошуу” гэдгийг “Ши сү ни дэ чи” гэхийн оронд “Ши сү чи” гээд л товчлоод хэлчихдэг.
  13. Ямар ч аргаар хамаагүй хэлэх гэсэн санаагаа илэрхийлж сурах хэрэгтэй. Аливаа санаагаа өөрийн мэдэх үгээр тайлбарлаж чаддаг хүн амжилтанд хүрнэ. Жишээ нь: “Харанхуй” гэдэг үгийг мэдэхгүй байж болно. Тэгвэл “гэрэлгүй”, “шөнө шиг” гэх маягаар хэлэхэд цаад хүн чинь ойлгочихно.
  14. Хэлж чаддаг зүйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Өөрийгөө алдах байх гэж ичих хэрэггүй. Ичнэ гэдэг хэл сурч байгаа хүний хамгийн хөнөөлтэй дайсан.
  15. Яриандаа сул үг хэрэглэх нь таныг Хятадаар чөлөөтэй ярьж байгаа мэт сэтгэгдэл хүнд төрүүлэх болно.
  16. Хятад хэл дээр хошин шог үг хэллэг эзэмшсэнээр Хятадаар сэтгэхэд тань тус болно.
  17. Тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг, үсэг, ханз танд танил болж ирнэ.
  18. Хятад хэлний 4 оронт тооллын системийг маш сайн ойлгож, европын 3 оронд тооллын систем рүү хөрвүүлж сурах хэрэгтэй.
  19. Аливаа өгүүлбэрийн үгсийг нь өөрчлөж өөр утга санаа бүхий өгүүлбэр бүтээж чаддаг хүн ярьж, бичиж сурахад амархан байдаг.